МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооны 1975 оны 2-р сарын 6-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Булган аймгийн харъяа Эрдэнэт хороонд намын анхан шатны орон тооны байгууллага байгуулав.
Энэ тогтоолоор МАХН-ын төв хороонд тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ж.Банзрагчийг НТХ-ны зохион байгуулагч бөгөөд Эрдэнэт хорооны намын анхан шатны байгууллагын нарийн бичгийн даргаар томилсон.
Эрдэнэт хороонд байгуулагдаад удаагүй байсан намын үүрийн бүх гишүүдийн хурал 1975 оны 3-р сарын 5-ны өдөр хуралдаж намын үүрийн дарга Ш.Доржийн тайлан хэлэлцэж цаашид Эрдэнэт хороог Улсын харьяалалтай хот болгох асуудлыг АИХ, Сайд нарын зөвлөл, НТ хороонд тавьж шийдвэрлүүлэхээр болсон.
Эрдэнэт хот “Эрдэнэтийн овоо”-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж, 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд үүсгэн байгуулагдсан. Хурдан тэлж, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол улсын гурав дахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн юм.
Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр 1994 онд “Орхон аймаг” болсон. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь 1976 оноос эдүгээ хүртэл хүн амын тоо, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол улсын хоёр дахь том хот болтлоо дэвжин хөгжжээ.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.